Мэдээ, мэдээлэл

Хооллолт, нэмэлт тэжээлийн хэрэглээ

Жирэмсэн үед яагаад хооллолт чухал вэ?

Жирэмсэн үеийн хооллолт нь жирэмсний явц болон ургийн өсөлт хөгжилтөнд чухал нөлөөтэй. Жирэмсний эхний 3 сард хоолны илчлэг нэмэлтээр шаардлагагүй байдаг бол хоёр дахь 3 сард 300 калори, гурав дахь 3 сард 450 калори илчлэгийг хоол тэжээлээр нэмэлтээр авах ёстой. Зөв хүнсийг зөв хэмжээгээр хэрэглэх нь таны хүүхдийн өсөлт хөгжилтөд тусална. Хоол тэжээлийг буруу сонгох нь урагт сөргөөр нөлөөлдөг.

Ямар төрлийн хоол хүнс сонгон хэрэглэх вэ?

Шинэ жимс, хүнсний ногоо, бүхэл үрийн бүтээгдхүүнүүд, тослог багатай сүү, тараг, уураглаг хүнс (мах, өндөг, дүүпүү, вандуй) зэргийг хэрэглэх хэрэгтэй. Эдгээрээс аль болох олон төрлийг сонгон, өөрийн дуртай байдлаар бэлдэн хэрэглээрэй.

Өдөрт хэдэн удаа, хэрхэн хоолловол тохиромжтой вэ?

  • Өдөрт 5-6 удаа бага багаар хооллох

  • Үзэм, самар, жигнэмэг, хатаасан жимс, тараг гэх мэт хөнгөн зууш авч явж байх

  • Өөх тос, саахар, давс бага хэрэглэх

  • Өдөрт 8 аяга ус, хярам гэх мэт шингэн зүйл уух

Ямар төрлийн хүнсний бүтээгдхүүнээс зайлсхийх вэ?

Дутуу болгосон болон түүхий хүнс хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Үүнд: түүхий өндөг, сүши, стейк, түүхий сүүний бяслаг, ариутгаагүй жимсний шүүс гэх мэт. Утсан болон даршилсан загас, сүши хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Мэдээж жирэмсэн үед архи, дарс, пиво хэрэглэхийг хориглоно. Жирэмсний аль ч үед архи, согтууруулах ундаа хэрэглэх нь урагт сөргөөр нөлөөлдөг.

Жирэмсэн үед дараах амин дэм, эрдэс бодис хамгийн чухал шаардлагатай байдаг

Фолийн хүчил. Ургийн мэдрэлийн гуурсны гаж хөгжил үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор өдөрт 800 микрограм тогтмол хэрэглэх хэрэгтэй. Мөн фолийн хүчил хангалттай хэрэглэснээр дутуу төрөх эрсдлийг ч бууруулдаг. Хар ногоон навчит ургамал, цитрус жимс, үр жимсэнд агуулагддаг.

Холин. Ургийн тархи, нугасны гаж хөгжлөөс сэргийлдэг ба энэ нь жирэмсний витаминд агуулагддаггүй, хоол тэжээлээр нөхөх шаардлагатай байдаг. Өндөгний шар уураг нь хамгийн ихээр холин агуулдаг ба жирэмсэн, хөхүүл үедээ өндөгийг аюулгүй байдлаар бэлдэн хэрглэхийг зөвлөж байна. Мөн төмс, үр тариа, маханд агуулагддаг. Амьтдад хийгдсэн судалгаагаар, жирэмсэн үед холин хангалттай хэрэглэх нь хүүхдийн оюун ухааны хөгжилд сайнаар нөлөөлдөг болохыг тогтоосон байдаг.

Төмөр. Жирэмсэн биш эмэгтэйд хоногт 18 мг төмөр шаардлагатай байдаг бол жирэмсэн үед 27 мг хэрэгцээтэй болдог. Энэ нь дараах хэд хэдэн шалтгаантай.

- Цусны улаан эсэд агуулагдах уургийн бодис болон хемоглобин үүсэлтэд төмөр онцгой шаардлагатай ба эд эсэд хүчилтөрөгч зөөх үүрэгтэй байдаг

- Яс, булчин, мөгөөрс, холбогч эд гэх мэт бүхий л эд эсийн бодисын солилцоонд оролцдог.

- Дархлалын тогтолцоог хэвийн байлгахад оролцдог.

Улаан маханд хамгийн ихээр төмөр агуулагдах ба амьтны гаралтай бүтээгдхүүнд агуулагдах төмөр нь хүний биед шингэхдээ хялбар байдаг. Хэрэв та цагаан хоолтон бол эмчтэйгээ энэ талаар ярилцаарай.

Кальци. Таны хэвлий дэх хүүхдийн ясжилт, шүдлэлтэнд кальци нэн шаардлагатайгаас гадна таны өөрийн зүрх судас, булчин, цус, мэдрэлийн системийн үйл ажиллагаанд оролцдог. Өдөрт дор хаяж 3-4 аяга тослоггүй сүү эсвэл тараг ууснаар тухайн хоногийн кальцийн хэрэгцээг хангаж чадна гэж үздэг. Жирэмсэн, хөхүүл үедээ төдийгүй цаашдаа бүхий л амьдралын туршид сүү, сүүн бүтээгдхүүнийг тогтмол хэрэглэж заншаарай.

Д витамин. Ургийн ясжилт, шүдлэлтэнд оролцдог кальци, фосфорын солилцоонд зайлшгүй шаардлагатай.

Хэрэгцээт амин дэмээ нөхөж авахын тулд ЭНД ДАРЖ нэмэлт витамины бэлдмэлтэй танилцана уу.