Мэдээ, мэдээлэл

Цагаан сарын ерөөл

Цагаан Сар бол МОНГОЛЧУУДЫН ХУВЬД ХАЙРУУ ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВСНЫ БАЯР. Тиймээс онд мэнд оров уу? гэж амар мэндээ асуулцдаг.

Цагаан Сар бол ХАХИР ХАВРЫГ МЭНД ТУУЛАХЫН БЭЛГЭДЭЛ БАЯР. Тиймээс -Тарган сайхан хаваржиж байна уу? гэж мэнд мэддэг.

Цагаан Сар бол НАС НЭМСНИЙ БАЯР. Тиймээс-Нас сүүдэр хэд хүрч байна? гэж яриа дэлгэдэг.

Цагаан Сар бол ШИНЭ ОНДОО САЙН САЙХАН ЯВАХЫН ӨӨДРӨГ ЕРӨӨЛТЭЙ БАЯР. Тиймээс сар шинэдээ сайхан шинэлж байна уу? гэж золгодог.

Цагаан Сар бол УРАГ ЭЛГЭНИЙ ИХ БАЯР. Тиймээс ойрд уулзаагүй, нэг овгийн, хол ойрын бүх ах дүүс, төрөл саднууд, нэгэн дор цуглаж, биесээ харж, хайрлан хүндэтгэж, худ ургууд ойртон дотносдог, ураг төрлөө мэдэлцдэг билээ.

Цагаан Сар бол ГЭР БҮЛИЙН ИХ БАЯР. Тиймээс дүү нь ахдаа, ах нь эгчдээ, хүүхдүүд нь аав, ээждээ, аав ээжүүд нь өвөө, эмээтэй нь золгож, мэндлэх хүндлэх ёсоо үр хүүхдүүддээ заадаг, ах дүүсийг нь мэдүүлдэг билээ.

Цагаан Сар бол АХАС ИХСЭЭ ХҮНДЛЭХ, ЭРЭМБЭ ДАРААГАА МЭДЭХ ХҮНДЛЭЛИЙН ДЭЭД БАЯР. Тиймээс ахмад настныхаа тохойг түшин, алиа бяцхан үрсийнхээ зулайг үнэрлэн золгоцгоодог билээ.

Цагаан Сар бол ХУВЬ ХҮНИЙ ТУХАЙД ӨМНӨХ ЖИЛИЙНХЭЭ АЛДАА ОНООГОО ДҮГНЭЖ, ИРЭХ ЖИЛИЙНХЭЭ ХИЙЖ БҮТЭЭХИЙГ ЦЭГНЭН, ИРЭЭДҮЙГЭЭ ӨӨДРӨГ САЙХНААР ТӨСӨӨЛДӨГ БЭЛГЭДЭЛ БАЯР. Тиймээс хуучин ондоо багтааж, бусдаас авлагаа авч, өглөгөө өгч, өр цайрч, үг сөргөсөн, үл ойлголцсон хүнтэйгээ нүүр тулан хөөрөг зөрүүлж, харилцан ойлголцож, сэтгэлээ цайлгаж, итгэлээ батжуулдаг билээ.

Цагаан Сар бол ӨӨДЛӨН ДЭВЖИХИЙН ИХ БЭЛГЭДЭЛ БАЯР. Тиймээс хүн бүр өөрийн сэтгэлийг засаж, гэр орноо цэвэрлэж, өнгөтэй сайныг өмсөцгөөж, өөдрөг сайхныг хэлэлцэж, шинэ ондоо идэж уух, өмсөж зүүх, эдэлж хэрэглэхээр элбэг дэлбэг, сайн сайхан явахыг бэлгэдэн ерөөдөг билээ.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.